Баннер байршуулах үйлчилгээний нөхцөл
Timely платформын цахим захиалгад мөрдөх нөхцөл · Шинэчилсэн: 2026.11.16
1. Нийтлэг үндэслэл
- 1.1
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ТЕКСТРИМ” ХХК (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” гэх) болон Timely платформд зар сурталчилгаа байршуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд (цаашид “Захиалагч” гэх) хоорондын харилцааг зохицуулна.
- 1.2
Үйлчилгээ үзүүлэгч нь Захиалагчийн ирүүлсэн зар сурталчилгаа, зураг, хөдөлгөөнт баннер болон бусад сурталчилгааны материалыг Timely аппликейшнд баталгаажсан захиалгын дагуу байршуулна.
- 1.3
Захиалагч үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, цахим маягт дахь зөвшөөрөх тэмдэглэгээг хийснээр нөхцөлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ. Хүсэлт илгээсэн нь захиалга автоматаар баталгаажсан гэсэн үг биш.
2. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
- 2.1
Захиалагчийн баталгаажуулсан баннерыг тохиролцсон хугацаанд, чанарын шаардлага ханган Timely аппликейшнд байршуулна.
- 2.2
Баннерыг аппликейшний нүүр хуудсанд нэг байршилд таваас дээшгүй баннер ээлжлэн харагдах байдлаар байршуулж болно.
- 2.3
Шаардлагатай тохиолдолд баннерыг нийтлэхээс өмнө Захиалагчид танилцуулж баталгаажуулна.
- 2.4
Үйлчилгээ үзүүлэгчийн буруугаас шалтгаалан баннер буруу, дутуу эсвэл баталгаажуулсан хэлбэрээс өөрөөр нийтлэгдсэн бол алдаатай байршуулсан хугацаатай тэнцэх хугацаагаар үнэ төлбөргүй нөхөн байршуулна.
- 2.5
Цахим захиалгад оруулсан мэдээлэл, зураг, холбоос болон бусад материал дутуу буюу шаардлага хангаагүй бол Захиалагчаас нөхөн бүрдүүлэх, засварлахыг шаардах эрхтэй.
- 2.6
Захиалагч үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, шаардлагатай мэдээллийг бүрэн ирүүлээгүй эсвэл төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд баннер байршуулахаас татгалзах, түр хойшлуулах эрхтэй.
- 2.7
Захиалагчийн байгууллагын нууц мэдээлэл, нийтлэгдээгүй материал, дизайныг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй, өөр зорилгоор ашиглахгүй.
3. Захиалагчийн эрх, үүрэг
- 3.1
Захиалагч баннерыг тохиролцсон хугацаанд байршуулахыг шаардах эрхтэй.
- 3.2
Захиалагч баннер байршуулахад шаардлагатай зураг, баннерын нэр, дарахад шилжих холбоос болон бусад мэдээллийг үйлчилгээний цахим захиалгын маягтад бүрэн, үнэн зөв оруулах үүрэгтэй.
- 3.3
Баннерын агуулга, мэдээллийн үнэн зөв байдал, ашиглах эрх болон хууль тогтоомжид нийцсэн байдлыг Захиалагч бүрэн хариуцна.
- 3.4
Захиалагч баталгаажсан захиалгын төлбөрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
- 3.5
Үйлчилгээ үзүүлэгч тохиролцсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд Захиалагч зөрчлийг арилгуулах, үйлчилгээ нөхөн авах эсвэл үндэслэлтэй тохиолдолд төлбөр буцаан авах хүсэлт гаргах эрхтэй.
4. Баннерын агуулга, техникийн шаардлага
- 4.1
Захиалагч дараах шаардлагыг хангасан баннерын мэдээллийг цахим захиалгын маягтаар ирүүлнэ:
- Зургийн хэмжээ: 1280 × 604 пиксель (px).
- Файлын төрөл: JPG, JPEG, GIF.
- Баннерын нэр: сурталчилгааг тодорхойлох нэр.
- Холбоос: баннер дээр дарахад шилжих веб хаяг (URL).
- 4.2
Баннерын зураг, нэр, холбоос болон шаардлагатай нэмэлт мэдээллийг онлайн захиалга үүсгэх үед цахим маягтад оруулна. Материалыг цахим шуудангаар тусад нь илгээх шаардлагагүй.
- 4.3
Үйлчилгээ үзүүлэгч дараах агуулгатай сурталчилгааг байршуулахаас татгалзах эрхтэй:
- Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн агуулга;
- Архи, тамхи, садар самууныг сурталчилсан мэдээлэл;
- Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан агуулга;
- Худал, төөрөгдүүлсэн, нийгэмд харш мэдээлэл;
- Улс төрийн сонгуулийн үеэр аль нэг талын эрх ашгийг хамгаалсан сурталчилгаа.
- 4.4
Баннерын мэдээлэл, загварт өөрчлөлт оруулах шаардлагатай бол талууд харилцан тохиролцож баталгаажуулна.
5. Үйлчилгээний хугацаа, төлбөр
- 5.1
Баннерын байршуулах төрөл, хугацаа, үнэ, хөнгөлөлт болон нийт төлбөрийг Захиалагчийн цахим хүсэлт, баталгаажсан захиалга, нэхэмжлэхэд үндэслэн тодорхойлно.
- 5.2
Захиалагч нэхэмжлэх хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор төлбөрийг нэхэмжлэхэд заасан дансанд шилжүүлнэ.
- 5.3
Баннер байршуулах эхлэх болон дуусах хугацааг талуудын баталгаажуулсан захиалгын дагуу тогтооно.
- 5.4
Захиалагч сурталчилгаагаа үргэлжлүүлэн байршуулах бол үйлчилгээ дуусахаас ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө цахимаар сунгах хүсэлт гаргана.
- 5.5
Сунгалтын хугацаа болон нэмэлт төлбөрийг талууд шинээр баталгаажуулна. Хүсэлт илгээсэн нь үйлчилгээ автоматаар сунгагдсан гэсэн үг биш.
6. Үйлчилгээ цуцлах, хариуцлага
- 6.1
Баталгаажсан захиалгын үйлчилгээний хугацаа дууссанаар баннерын байршуулалт зогсоно. Үргэлжлүүлэх бол талууд дахин тохиролцоно.
- 6.2
Талуудын аль нэг нь үйлчилгээний нөхцөлийг ноцтой зөрчсөн бол нөгөө тал зөрчлийг арилгуулахыг шаардах, шаардлагатай тохиолдолд үйлчилгээг цуцлах эрхтэй.
- 6.3
Үйлчилгээ үзүүлэгчийн буруугаас үйлчилгээ үзүүлээгүй бол нөхөн байршуулах эсвэл үзүүлээгүй үйлчилгээний төлбөрийг буцаах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
7. Бусад нөхцөл
- 7.1
Захиалагч “Баннер байршуулах үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрч байна” гэсэн тэмдэглэгээг хийж, хүсэлтээ илгээснээр энэхүү нөхцөлийг зөвшөөрснөө илэрхийлнэ.
- 7.2
Цахим хүсэлт, захиалгын баталгаажуулалт, төлбөрийн нэхэмжлэх болон холбогдох бүртгэлийг талуудын тохиролцоог нотлох баримт болгон ашиглаж болно.
- 7.3
Үйлчилгээтэй холбоотой маргааныг талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
- 7.4
Нөхцөлд өөрчлөлт оруулбал шинэчилсэн хувилбарыг цахим хуудсанд нийтэлнэ. Өмнө баталгаажсан захиалгын нөхцөлийг талуудын зөвшөөрөлгүйгээр буцаан өөрчлөхгүй.

